Төмөр замын их сургууль
  • Утас

    +976-21-242264

  • И-мэйл

    rail-inst@ubtz.mn

Сургууль комбинат

1951

Монгол Улсын тээврийн салбарын тусгай мэргэжлийн ууган сургууль болох Төмөр замын техникумыг МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны 1953 оны 07 дугаар сарын 14-ний 49/129 дүгээр тогтоолоор байгуулах шийдвэр гарч, УБТЗ нийгэмлэгийн дарга Н.Черкашины 1953 оны 7 дугаар сарын 20-ны №644 тоот тушаалаар 9 дүгээр сарын 1-нээс үйл ажиллагааг нь эхлүүлсэн. Анх вагон, ашиглалтын мэргэжлээр 60 сурагч, 6 багштай сургалтаа эхэлж, 1956 онд хичээлийн дөрвөн давхар шинэ байр ашиглалтад орсноор зүтгүүр, замын техникч бэлтгэхээр 120 гаруй суралцагчтай болж өргөжсөн. .

УБТЗ-ын техникум

1953-1958

1957 онд УБТЗ, Тээвэр холбооны яамны харьяа Замын хэрэг эрхлэх газрын дарга нарын хамтарсан 472/154 дүгээр тушаалаар техникумын дэргэд авто, засмал замын нэгжийг байгуулж, 1957 оны 12 сарын 17-нд Улаанбаатар дахь Сургууль комбинатыг Төмөр замын техникумд нэгтгэсэн байна.

Орой, эчнээ салбар байгуулагдав.

1966

БНМАУ-ын СНЗ-ийн 1962 оны 12 сарын 26-ны өдрийн 652 дугаар тогтоолоор Политехникумын “Холбоо”-ны салбарыг мөн БНМАУ-ын СНЗ-ийн 1964 оны 9 сарын 2-ны өдрийн 405 тоот тогтоолоор авто тээврийн техникумын үндсэн ангийг Төмөр замын техникумд нэгтгэжээ. МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 1966 оны 9 сарын 29-ний 282 дугаар тогтоолоор тус техникумын дэргэд автомеханик, авто ашиглалт, радио, утсан харилцаа, замын мэргэжлээр орой, эчнээ салбар байгуулагдав.

Төмөр замын техникумын дэргэд ТМС-ийг байгуулав.

1971-1975

БНМАУ-ын СНЗ-ийн 1971 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийн 436 тоот тогтоолын дагуу 1972 оны наймдугаар сард Төмөр замын техникумын дэргэд ТМС-ийг байгуулах шийдвэр гарч, 1972-1973 оны хичээлийн жилд тус сургуулийн материаллаг бааз, багшлах боловсон хүчнийг түшиглэн 200 сурагч 6 мэргэжлээр суралцаж эхэлсэн. 1973-1974 оны хичээлийн жилд хорь шахам мэргэжлээр сургалтаа явуулж байсны дотор нефть хангамжийн мэргэжлээр анхны элсэлтээ авсан байна. 1974 онд хичээлийн байрны өргөтгөлийн 2 дахь (одоогийн баруун жигүүр) байр ашиглалтад орж, 1974-1975 оны хичээлийн жилд ТМС долоон мэргэжлээр 204 суралцагч элсүүлсний 90 нь бүрэн дунд сургууль төгссөн охид байв. Тэд олон улсын суудлын вагоны үйлчлэгч мэргэжлээр сурсан бөгөөд Төмөр замын сургуулийн түүхэнд анх удаа англи хэл заасан юм.

Бие даасан салбар сургууль болсон.

1975

1975 онд “Холбооны сургалтын төв” байгуулах БНМАУ-ын СНЗ-ийн шийдвэр гарч, Төмөр замын техникумаас тусгаарлан бие даасан салбар сургууль болон хөгжсөн түүхтэй. 1979-1980 оны хичээлийн жилээс ТМДуС байгуулагдаж наймдугаар анги төгсөгчдийг элсүүлэн бүрэн дунд боловсролтой мэргэжилтэй ажилтан бэлтгэх болж, 1980-1985 он хүртэл УБТЗ-ын техникумын харьяанд сургалт, хүмүүжил үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байв.

"Төмөр замын коллеж" нэртэй болов.

1990-1997

1990 онд УБТЗ-ын даргын А-89 тоот тушаалаар Төмөр замын техникум, ТМДуС-ийг нэгтгэн “Төмөр замын сургалтын төв” нэртэй болгосон. 1991 онд БНМАУ-ын их, дээд, тусгай дунд боловсролын тогтолцоонд өөрчлөлт орсонтой холбогдон БНМАУ-ын Шинжлэх ухаан Боловсролын Яамны сайд, УБТЗ-ын ХЭГ-ын даргын 1991 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 156/А-57 тоот тушаалаар “Төмөр замын сургалтын төв”-ийг дээд боловсрол олгодог сургалтын байгууллага болгон өөрчилж “Төмөр замын коллеж” хэмээн нэрлэсэн. 1993 онд “Төмөр замын коллеж”-ийн Эрдмийн зөвлөл байгуулагдаж, сургалтын төлөвлөгөө шинэчлэн, 10 дугаар анги төгсөгчдөөс элсэлт авч эхлэв. 1994 онд ШУБЯ-ны 15 тоот тушаалаар тус сургуулийг дээд боловсрол олгодог коллежийн түвшинг хангасан гэж тогтоожээ. 1995 онд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт дахин хийснээр долоон тэнхим, хоёр салбартай болж, сургалтад кредит систем нэвтэрч эхлэсэн. Мөн оноос Төмөр замын коллежид суралцагчаас гадаадын их дээд сургуульд элсэх уралдаант шалгалтад орж тэнцэн /ОХУ, Хятад, Япон, Турк, Вьетнам зэрэг оронд/ суралцах болсон. 1996 онд боловсролын шинэ хуульд нийцүүлж сургалтын төлөвлөгөөг шинэчлэсэн бөгөөд 1997 онд Монголын их дээд сургуулиудын консорциум /МИДСК/-ын гишүүн сургууль болсноор багц цагийн үнэлгээнд шилжиж, 2000 онд сургалтын шинэ төлөвлөгөөгөө батлав.

Төмөр замын дээд сургууль болсон.

2004

“Төмөр замын коллеж” нь 2004 онд Монгол Улсын БСШУЯ-ны сайдын 238 тоот, Төмөр замын даргын А-76 тоот тушаалаар “Төмөр замын дээд сургууль” болж өргөжсөн. 2006 онд тус сургууль нь дээд боловсролын магадлан итгэмжлэлийн шалгуурыг хангаж, 10 жилийн хугацаатай 2/22 дугаарын гэрчилгээ авч хоёр дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн юм. 2007 оноос дээд боловсролын стандартыг шинээр боловсруулж мөрдөхөөс гадна сургалтын полигон байгуулав. 2009 оноос техникчийн боловсрол олгох 1.5, 2 жилийн сургалт явуулах тусгай зөвшөөрөл, 2010 оноос 2 жилийн эчнээ сургалтаар техникч бэлтгэх сургалт эрхлэх зөвшөөрөл тус тус авсан байна.

“Тээврийн дээд сургууль” болсон.

2013-2018

2013 оноос Монгол Улсын Боловсрол Шинжлэх Ухааны сайдын 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/96 тоот тушаалаар “Төмөр замын дээд сургууль”-ийг “Тээврийн дээд сургууль” болгож авто, нисэх далайн тээврийн ангиудаар элсэлт авсан. 2018 онд Монгол Улсын Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайдын А/483 тоот тушаалаар төмөр замын мэргэжилтнийг чанартай бэлтгэх зорилгоор “Тээврийн дээд сургууль”-ийг “Төмөр замын дээд сургууль” болгон өөрчилсөн. 2018 онд тус сургууль нь дээд боловсролын магадлан итгэмжлэлийн шалгуурыг хангаж, гурав дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн юм.