2025 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Ёнжу хот дахь Дунян их сургууль болон Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг (Ulaanbaatar Railway Mongolian-Russian Joint Venture Company) хооронд төмөр замын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зорилготой тэтгэлэгт хөтөлбөрийн хамтын ажиллагааны гэрээ (MOA) байгуулав.
Гарын үсэг зурах ёслол нь Дунян их сургуулийн Ёнжу кампус дээр болж, сургуулийн Ерөнхийлөгч Чой Сон Хэ тэргүүтэй төлөөлөгчид болон УБТЗ-ын Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А. Батболд, Замын даргын ажлын албаны дарга С. Сумьяадорж нар оролцов.
“1+3.5 жилийн олон улсын төмөр замын хөтөлбөр” хэрэгжүүлнэ
Гэрээний хүрээнд Монголын Төмөр замын их сургууль болон Дунян их сургууль хамтран “1+3.5 жилийн олон улсын төмөр замын дэд бүтцийн инженер бэлтгэх хөтөлбөр” хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.
Хөтөлбөрийн дагуу Монгол оюутнууд эхний нэг жилийг Монголын Төмөр замын их сургуульд суурь мэргэжлийн хичээл судалж, дараагийн зургаан сард БНСУ-д хэлний бэлтгэлд хамрагдана. Үүний дараа тэд Дунян их сургуулийн “Глобал төмөр замын дэд бүтцийн инженерийн тэнхим”-ийн хоёрдугаар курсэд элсэн орж, гурван жилийн хугацаанд 30 хувийн тэтгэлэгтэйгээр суралцах боломжтой болно.
Хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн оюутнууд бакалаврын зэрэг хамгаалж, Дунян их сургуулийн диплом гардан авна. Мөн жил бүр сурлага, амжилтаараа тэргүүлсэн таван оюутанд эхний жил “УБТЗ Замын даргын нэрэмжит тэтгэлэг” олгох бөгөөд уг тэтгэлэг таван жилийн хугацаанд хэрэгжинэ.
Дунян их сургуулийн Ерөнхийлөгч Чой Сон Хэ хэлэхдээ:
“Энэхүү хамтын ажиллагаа нь зөвхөн гадаад оюутны сургалтын хөтөлбөр бус, харин Монгол, Солонгосын төмөр замын салбарын бодит хамтын хөгжлийн шинэ эхлэл юм” хэмээн онцоллоо.
УБТЗ-ын Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А. Батболд дараах үг хэлэв:
“Монголын оюутнууд Солонгосын дэвшилтэт боловсролын орчинд төмөр замын инженерчлэл, менежментийн орчин үеийн системийг судлах боломж бүрдэж байна. Энэ нь манай байгууллагын хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлж, Монголын төмөр замын шинэчлэлд бодит хувь нэмэр оруулах юм.”
Дунян их сургуулийн профессор Чон Хёк Сан (Төмөр замын барилга, аюулгүй байдлын инженерийн тэнхим):
“Энэхүү гэрээ нь боловсролын хамтын ажиллагаанаас давж, шинжлэх ухаан, технологийн солилцоо болон хамтарсан судалгааны шинэ үндэс суурийг тавьж байна. Цаашид хамтарсан судалгааны төвөөр дамжуулан төмөр замын аюулгүй байдал, дэд бүтцийн зураг төсөл, засвар арчлалын чиглэлээр судалгаа хийхээр төлөвлөж байна
Гарын үсэг зурах ёслолын дараа А. Батболд орлогч дарга Солонгост суралцаж буй монгол оюутнуудтай уулзаж, Монголын төмөр замын салбарын хөгжлийн чиг хандлага болон ажлын байрны боломжийн талаар санал солилцсон юм.
Тэрээр мөн амралтын хугацаанд УБТЗ-д дадлагын хөтөлбөр хэрэгжүүлэх санаачилгыг танилцуулсан бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд одоо Солонгост суралцаж буй монгол оюутнууд Монголын төмөр замын байгууллагад дадлага, сургалтын үйл ажиллагаанд оролцож, эх орныхоо төмөр замын системийг бодитоор ажиглах боломжтой болох юм.