Жил бүр “УБТЗ” ХНН-ийн сургалтын байгууллагуудын оюутнуудын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг “Залуу судлаачид-Инновац бүтээгч 2026” эрдэм шинжилгээний хурал 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдөр боллоо. Энэ удаа магистрант оюутнуудаар хүрээгээ тэлж, “Магистрант оюутан”, “Бакалаврын төгсөх курсийн оюутан”, “Бакалаврын 1-3 курсийн оюутан” гэсэн 3 түвшинд зохион байгуулснаараа онцлог байлаа.
Хурлын нэгдүгээр шатанд 39 оюутан судлаач эрдэм шинжилгээний өгүүлэл ирснээс шилдэг 10 судлаачийн аман илтгэл хэлэлцүүлэгдлээ. Мөн жил бүр судалгаа, эрдэм шинжилгээний чиглэлээр манлайлан ажиллаж буй багш судлаачдыг урьж , оюутан залууст судалгааны арг зүй, туршлагаа хуваалцах боломжийг бүрдүүлдэг. Тус хуралд “Галт тэрэг найруулах ажиллагааг оновчтой зохион байгуулах нь” сэдвээр Мэргэжлийн тэнхимийн эрхлэгч, доктор Ю.Сарантуяа, “Хиймэл оюун дээр суурилсан зураг болон дүрс таних машин сургалтын хэрэглээ” сэдвээр Мэргэжлийн тэнхимийн ахлах багш Д.Амартүвшин нар уригдсан илтгэгчээр оролцлоо.
Тэргүүн байрт, “Магистрант оюутан” түвшинд “Тээврийн үйлчилгээ” магистрын хөтөлбөрийн оюутан Б.Чинзоригийн “Суурь бүтэц эзэмшигч төмөр замуудын галт тэрэгний солилцооны технологийг сайжруулах нь”
“Бакалаврын төгсөх курсийн оюутан” түвшинд “Вагон, вагоны аж ахуй” хөтөлбөрийн оюутан Б.Лхагва-Эрдэнийн “Вагоны эд анги үйлдвэрлэх боломжийн судалгаа”
“Бакалаврын 1-3 курсийн оюутан” түвшинд “ТЗ-ын барилга, Зам, замын аж ахуй” хөтөлбөрийн гуравдугаар курсийн оюутан Б.Хишигбаатарын “Төмөр замын байгууламжийн төлөвлөлтөнд BIM технологийг нэвтрүүлэх арга зүй түүний үр ашиг” эрдэм шинжилгээний өгүүллүүд тус тус шалгарав.