Төмөр замын тээврийн салбарын ирээдүйн хүний нөөцийг бэлтгэх, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготой нэгэн чухал арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж байна. Улаанбаатар төмөр замын Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч дарга М.Цогтын баталсан удирдамж, хөтөлбөрийн дагуу Төмөр замын их сургууль (ТЗИС) болон Политехник коллеж (ПТК)-ийн сургалтын хөтөлбөрүүдийг танилцуулах, элсэгчдийн тоог нэмэгдүүлэх зорилготой баг бүрэлдэхүүн Налайх, Багануур дүүргүүдэд ажиллаж байна.
Энэхүү мэргэжил сурталчлах уулзалт, өдөрлөгийг ТЗИС-ийн захирал У.Мягмарсүрэн, ТЗИС-ийн багш Г.Ганзам, ПТК-ийн Зүтгүүрийн тэнхимийн эрхлэгч Б.Энхтайван, УБТЗ-ын Хуулийн албаны хуульч, Залуучуудын холбооны хяналтын зөвлөлийн дарга А.Цэндзаяа нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг удирдан явуулж, төгсөх ангийн сурагчидтай биечлэн уулзаж байна.
Уулзалтын үеэр сурагчдад төмөр замын салбарын хөгжил, ирээдүйн чиг хандлага, ТЗИС болон ПТК-ийн инженерийн болон техникийн хөтөлбөрүүдийн давуу тал, тус сургуулийг төгссөнөөр нээгдэх ажлын байрны өргөн боломжуудыг дэлгэрэнгүй танилцууллаа. Мөн УБТЗ-ын залуучуудын байгууллагын үйл ажиллагаа, залуу төмөр замчдад олгодог дэмжлэг, нийгмийн баталгааны талаар сонирхолтой мэдээлэл өгч, хүүхдүүдийн суралцах хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлсэн үр дүнтэй арга хэмжээ болж байна.