Утас
+976-21-242264





Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдөр “УБТЗ” ХНН-тэй байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд Төмөр замын дээд сургуульд зочилж, тус сургуулийн сургалтын үйл ажиллагаа, мэргэжлийн чиглэлүүд, сургалтын орчинтой танилцлаа. Сурагчдад төмөр замын салбарын үндсэн мэргэжлүүд болох бакалавр, техникч, мэргэжлийн боловсролын хөтөлбөрүүдийн онцлог, суралцах боломжууд, цаашдын карьер төлөвлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, тэдний сонирхсон асуултад хариулан, мэргэжил сонголтод нь дэмжлэг үзүүлсэн юм. Уг үйл ажиллагааг Төмөр замын дээд сургуулийн сургалт эрхэлсэн дэд захирал Л.Бямбасүрэн, Гадаад харилцааны мэргэжилтэн С.Саранчимэг нар удирдан зохион байгуулж, сургуулийн сургалтын бааз, лаборатори, хичээлийн танхим, техникийн тоног төхөөрөмж бүхий орчинтой сурагчдыг танилцуулж, тэдний мэргэжил сонголтод чиглэсэн бодит ойлголтыг өгсөн юм.