






2025 оны 5-р сарын 2-ны өдөр Төв аймгийн Хүмүүн цогцолбор сургуулийн 9-р ангийн сурагчид Төмөр замын дээд сургуулийн сургалт, мэргэжлийн чиглэлүүдтэй танилцлаа. Танилцуулгын үеэр сурагчдад төмөр замын салбарын үндсэн мэргэжлүүд болох бакалавр, техникчийн зэрэгтэй сургалтын хөтөлбөрүүд болон мэргэжлийн боловсролын талаарх мэдээллийг дэлгэрэнгүй хүргэж, тэдний сонирхол, санал бодлыг сонссон юм.
Уулзалтыг Төмөр замын дээд сургуулийн дэд захирал, доктор А. Батсайхан удирдан явуулж, сургуулийн сургалтын онцлог, давуу талуудын талаар товч танилцуулга хийв. Мөн төмөр замын удирдлага, тээвэр зохион байгуулалтын багш Ю. Сарантуяа, зүтгүүрийн аж ахуйн багш Ж. Шинэбаяр, вагоны аж ахуй хөтөлбөрийн багш нар болох Т. Мөнхцэцэг, М. Маралгуа нар тус тус оролцож, өөрсдийн мэргэжлийн чиглэл, салбарын онцлог, ажиллах орчин, ирээдүйн карьерын боломжуудын талаар танилцуулсан нь сурагчдын сонирхлыг татсан юм.
Дэд захирал болон оролцсон багш нар сурагчдад хандаж өөрийн хүсэл, сонирхолд нийцсэн мэргэжлээ сонгон суралцаж, чадварлаг боловсон хүчин болохыг захиж, сурлагын өндөр амжилт хүслээ.