





Төмөр замын дээд сургуулийн Тээврийн удирдлага, зохион байгуулалтын хөтөлбөрийн гуравдугаар курсийн оюутнууд З. Гантуяа багшийн удирдлага дор Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрийн “Тээвэр ложистикийн төв”-ийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцах аялалд хамрагдлаа.
Энэхүү сургалт-танилцах аялал нь “Өртөөний ажлын зохион байгуулалт”, “Ачих, буулгах ажлын механикжуулалт”, “Терминал логистикийн цогцолбор” хичээлүүдийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд оюутнуудад эзэмшсэн онолын мэдлэгээ үйлдвэрлэлийн бодит нөхцөлд хэрхэн хэрэгжүүлж байгааг ойлгуулах, мэргэжлийн чиг баримжаагаа тодорхойлоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой байв.
Аяллын явцад оюутнууд бутлах цех, машин механизмын цех, ачаа тээврийн цех, хөдөлгөөний цех, зүтгүүрийн цех зэрэг нэгжүүдээр орж, тухайн цех бүрийн үйл ажиллагаа, уялдаа холбоо, тээвэр ложистикийн зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсан байна. Мөн үйлдвэрийн түүх, хөгжлийн талаар түүхийн музейн үзмэрүүдээр дамжуулан танилцсан нь тэдэнд Эрдэнэт үйлдвэрийн бүтэц, зохион байгуулалтын тухай өргөн хүрээний ойлголт өгөв. Уг арга хэмжээ нь оюутнуудын онолын мэдлэгийг практик орчинд бататгаж, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэхэд үнэтэй туршлага болсон юм.