УБТЗ-ын Хүний нөөцийн алба, Төмөр замын дээд сургууль, Политехник коллеж, Залуучуудын төв байгууллага хамтран 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр “Ажил олгогч – Төгсөгч 2025” уулзалтын эхний үйл хэсгийг Төмөр замын чуулгад амжилттай зохион байгууллаа.
Уулзалтын зорилго нь төмөр замын салбарын ажил олгогч байгууллагууд болон төгсөх ангийн оюутнуудын хооронд шууд харилцаа тогтоох, мэргэжлийн чиг баримжаа олгох, ажил эрхлэлтийн талаарх бодит мэдээлэл хүргэх явдал байв.
Арга хэмжээг УБТЗ-ын Удирдлагын асуудал эрхэлсэн замын орлогч дарга М.Цогт нээж, төмөр замын салбарын ирээдүйн хөгжлийг онцолж, энэхүү их бүтээн байгуулалтад залуу мэргэжилтнүүдийн оролцоо, үүрэг чухлыг онцлон тэмдэглэж, төгсөгчдөд амжилт хүслээ.
Дараах зочид танилцуулга, мэдээлэл хийв:
• С.Галбадрах, доктор – ТЗДС-ийн захирал: “Төгсөх ангийн мэдээлэл”
• Ё.Баямбатогтох – Политехник коллежийн захирал: “Төгсөх ангийн мэдээлэл”
• Г.Отгончимэг – УБТЗ-ын Хүний нөөцийн тасгийн дарга: “Хөдөлмөрийн харилцааны эрх зүйн мэдээлэл”
• О.Билгүүн – Худалдаа хөгжлийн банкны мэргэжилтэн: “Хувийн санхүүгээ удирдах нь”
• Г.Бүрэн-Итгэл – Залуучуудын хөгжлийн академийн сургагч багш: “Амжилтад хүрэх арга”
Мөн арга хэмжээний үеэр хөгжөөнт хөтөлбөрүүд зохион байгуулагдаж, урлагийн тоглолтод МУСТА Н.Дашдэмбэрэл болон уран бүтээлч Б.Мөнхдалай нар ая дуугаа өргөн, оролцогчдын сэтгэлд дулаан уур амьсгал төрүүллээ. Энэхүү уулзалт нь оюутнуудын хөдөлмөрийн зах зээлд гарах бэлтгэлийг хангах, ажил олгогчидтой шууд холбоо тогтоох боломжийг бүрдүүлсэн үр дүнтэй, ач холбогдол бүхий арга хэмжээ боллоо.