Төмөр замын дээд сургууль, Политехник коллеж болон “УБТЗ” ХНН-ийн Хүний нөөцийн албатай хамтран зохион байгуулдаг “Оюутны отряд–2025” аяны нээлтийн ёслолын арга хэмжээ 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү аяны зорилго нь оюутнуудад суралцах хугацаандаа мэргэжлээрээ ажиллаж, дадлага, туршлага хуримтлуулах, амралт болон дадлагын хугацааг үр дүнтэй өнгөрүүлэх, цалинтай ажиллах замаар ажил мэргэжлийн чиг баримжаа олгох нөхцөлийг бүрдүүлэхэд оршдог.
Нээлтийн арга хэмжээнд Улаанбаатар төмөр замын Суурь бүтэц хариуцсан орлогч дарга Каренда Вячеслав Владимирович, Хүний нөөцийн албаны сургалт, судалгаа хариуцсан орлогч дарга Б.Энхболд, Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга Б.Болдбаяр, Зорчигчийн вагон депогийн дарга Б.Юлхарсүрэн,Замын зургаа дугаар ангийн орлогч дарга С.Баярмөнх, Төмөр замын дээд сургуулийн багш, оюутнууд болон инженер техникийн ажилтнууд оролцлоо.
Энэ жилийн “Оюутны отряд”-д Төмөр замын дээд сургууль болон Политехник коллежийн “Төмөр замын барилга, замын аж ахуй”, “Вагоны аж ахуй” хөтөлбөрийн нийт 50 оюутан хамрагдаж байгаа бөгөөд тэд Зорчигчийн вагон депо, Зүүнхараагийн Ачааны вагон засварын депо болон Замын зургаа дугаар ангид хуваарилагдан ажиллана. “Оюутны отряд”-дад хамрагдаж байгаа оюутнуудыг салбар нэгжүүдийн удирдлага, хамт олон ёслол төгөлдөр хүлээн авлаа.
Түүнчлэн Төмөр замын дээд сургуулийн 3-р курсийн оюутан Н.Хүсэл-Эрдэнэ аавынхаа ажилладаг Замын 6-р ангид томилогдон ажиллахаар болсон бөгөөд түүний аав, тус ангийн бригадын дарга Ц.Нямжаргал ёслолын арга хэмжээнд оролцож, хүүтэйгээ мөр зэрэгцэн ажиллах болсондоо баяртай байгааг илэрхийллээ.